Menu

Luxury Apartment & Penthouse

< Буцах

Зочны өрөөний шилдэг интерьерүүд

Хэдийгээр ашиглахад их цаг хугацаа зарцуулдаг ч гэсэн Instagram бол интерьер дизайны санаа авах хамгийн баялаг эх сурвалж билээ. Энэ онд Instagram-д олны анхаарлыг хамгийн их татсан, салбартаа тэргүүлж буй зарим агентлаг, дизайнерын гайхамшигтай зохиомж бүхий тохижилтуудыг та бүхэнд танилцуулъя.

Скандинав хэв маягтай зочны өрөө. Энгийн дизайнтай энэ өрөөг бүрдүүлж буй элемент бүр нь өөрийн гэсэн зорилготой. Хананд бэхэлсэн, янз бүрийн хэмжээ, хэлбэр бүхий номын тавиурын голд жижиг буйдан “шигтгэж”, дээр нь абстракт зураг байрлуулан, хоёр талд нь бөмбөрцөг хэлбэртэй гэрэл суурилуулжээ. Харин шалан дээр дэвссэн хивс, улбар өнгийн арьсан сандлаас нь дулаан уур амьсгал мэдрэгдэнэ.

Тавилга, декор хэдийгээр бидний харцыг хамгийн түрүүн татдаг ч Studio McGee-ийн тохижуулсан энэ зочны өрөөний цонхоор үзэгдэх гаднах байгаль анхаарал татна. Том хэмжээтэй цонх нь өрөөнд байгалийн гэрэл илүүтэй тусгахаас гадна ногоон модод, хөх тэнгэрийг харуулах давуу талтай. Цэмцгэр, тааламжтай энэ өрөөнд суухад байгальд буй мэт мэдрэмж төрнө.

Arent & Pyke студийн хамгийн сүүлд гүйцэтгэсэн энэ төсөл тансаг мэдрэмж төрүүлнэ. Дугуйрсан хэлбэртэй, тод хүрэн ягаан өнгийн хоёр сандлын эсрэг талд хар өнгийн амралтын сандал байрлуулсан байна. Эдгээрийн сандлын дунд тэгш биш ирмэгтэй дугуй хэлбэртэй кофены ширээ тавьжээ. Түүнээс гадна ханын дээд буланд гоёмсог дизайн шингээсэн байх агаад энэ бүх хийц нь хуучиршгүй загварын модон шалтай эсрэгцэн, дур булаам төрх бүрдүүлжээ.

Өндөр тааз, сонирхолтой шийдэлтэй цонх бол энэ өрөөний хамгийн онцлог зүйл. Харин өрөөн дотор элементүүдээс модерн загвартай, модон хөлтэй, нэхмэл сандал анхаарал татаж буй болов уу. Мөн цуулбартай модон ширээний эсрэг талд байрлуулсан, илүү уламжлалт загвартай буйдан, интоорын ягаан өнгөтэй хоёр амралтын сандлыг мөн энд дурдаж болно. Камин зуухны дээр байрлуулсан геометрийн дүрстэй урлагийн бүтээлтэй хослон энэ бүх элемент нь нэг харсан ч мартагдашгүй орон зайг бүтээжээ.

Шинэхэн мэдрэмж төрүүлэх зочны өрөө. Завсрын өнгө голлон ашиглаж, байгалийн гэрэл зөөлөн туссан энэ өрөө минималист загварыг ашигласан бөгөөд буланд байрлуулсан ногоон ургамал цэвэр, таатай мэдрэмж төрүүлнэ.

Бохо хэв маягаас хэн ч татгалзахгүй болов уу. Зөвхөн тавилга, өнгө нь төдийгүй өрөөний архитектурын деталиуд, ялангуяа булангийн хэв дизайны хувьд сэтгэл татам. Түүнээс гадна хананд өлгөсөн бүтээлүүд нь танд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Amber Interiors студийн төслүүд мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг. Гэхдээ энэ зочны өрөө бол тэдний хэрэгжүүлдэг төслүүдийг цоо шинэ түвшинд аваачсан юм. Өндөр тааз, олон цонхны ачаар өрөө баялаг гэрэлтэй болжээ. Янз бүрийн хэлбэр, материалыг ашигласан нь тохилог уур амьсгал бүрдүүлсэн байна.

Хэрэв та янз бүрийн хээ, өнгөнд дурладаг бол Justina Blakeney-ийн дэглэсэн энэ загвар танд гарцаагүй таалагдана. Богемия загвартай энэ зочны өрөө тод өнгө, янз бүрийн хээтэй бөгөөд ногоон ургамлаар баялаг тул өвөрмөц төрх бий болжээ.

Бүхэлдээ цагаан интерьер үргэлж анхаарал татдаг. Бага зэрэг уйтгартай сонсогдож магадгүй ч энгийн энэ загварыг зөв зохиомжилж чадвал тун дэгжин харагдана. Ваартай тасалгааны ургамал, жижиг зөөлөн дэр энэ интерьерт шинэ өнгө оруулж өгсөн бол цонхны хөшиг дулаан мэдрэмж өгч байна.

Модерн загвар болон гэрийн тааламжтай уур амьсгалын хоорондох тэнцвэрийг хангах хэцүү. Гэхдээ энэ өрөө бол энэ тэнцвэрийг сайн хангасан жишээ. Модерн загвараар тохижуулсан зарим байшин хүйтэн мэдрэмж төрүүлэх талтай байдаг ч энэ зочны өрөөнд буйдангийн дэр олон байрлуулсан нь маш оновчтой шийдэл болсон байгаа юм. Мөн саарал өнгө тайвшруулах нөлөө үзүүлдгийг мартаж болохгүй.